Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн дээд шатны шүүх хурал болж талийгаачийн аав С.Шаарийбуу мэдүүлэг өглөө. Тэрээр охиныхоо сэжигтэн хоёр эртэй хамт авхуулсан зургийг харсан гэж мэдүүлжээ.

С.Шаарийбуугийн хэлснээр талийгаач сэжигтнүүдтэй авхуулсан 8x12  хэмжээтэй зургийг аавынхаа МУИС дахь ажлын өрөөнд байхдаа үзүүлсэн бөгөөд үүнээс хойш зургийн эх хувь алга болсон байна.

Мөн Малайзын цагдаагийн газар С.Шаарийбуугаас мэдүүлэг авахдаа зургийг огт харуулаагүй ба эх хувийг ганц удаа л харсан учир сайн санахгүй байна гэдгээ мэдүүлжээ.

Өчигдөр талийгаачийн төрсөн өдөр байсан бөгөөд тэрээр амьд байсан бол 40 нас хүрэх байжээ.

Ш.Алтан­туяагийн хэргийн тухай:

Шаарийбуугийн Алтан­туяа нь 2004 онд Хонконгт Малайзын аюулаас хамгаалахын ажилтан, Стратегийн судалгааны төвийн захирал Абдул Разак Багинда гэгчтэй танилцсан байна. Багинда нь тухайн үеийн ерөнхий сайд асан Нажиб Разактай ойрын холбоотой байсан бөгөөд түүнийг Ш.Алтан­туяатай холбож өгчээ. Улмаар талийгаач гадаадаас шумбагч хөлөг худалдан авах нууц хэлэлцээрт орчуулагчаар ажилласан байна.

Харин тэрээр 2006 онд үеэлийнхээ хамтаар Малайзад ирж өөрийн хувь болох 500 мянган долларыг авахыг хүссэн ч түүнд хөлсийг нь өгөхөөс татгалзжээ. Гэтэл 2006 оны 10 сарын 19-нд цагдаа нар Ш.Алтан­туяагийн цогцсыг олсон байна. Шинжээчдийн дүгнэлтээр түүний толгой руу нь буудан хороож цогцсыг “С4” гэх тэсрэх бодисоор дэлбэлсэн нь тогтоогджээ.

Малайзын дээд шүүх 2009 онд аллагын сэжигтэн Сирул Азар Омар, Азила Хадри нарт цаазын ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүх хурлыг 2013 онд болгон хойшлуулжээ. Харин 2015 онд Холбооны шүүх тэдний ялгыг хэвээр үлдээсэн ч Азар Омар Австрали руу оргон зайлсан ба Австралид саатуулагдсан байна. Харин Багиндаг хэрэгт холбоотой гэх нотлох баримт хангалтгүй байсан тул суллажээ.

Эх сурвалж: Malaysia chronicle, The malaysian insight, The star, NST