Өдгөө тав дахь жилдээ зохиогдох гэж буй Чопперчид, мотоциклчдын нэгдсэн наадам болох Талын салхи- 2019 олон улсын мото наадам зургадугаар сарын 8,9-нд зохион байгуулагдана.

Энэ удаагийн наадамд Чопперын моторын дуунд нэгдсэн 800 мотоциклчид оролцох бөгөөд наадмын нээлтийг Чингисийн талбайд хийж, тэндээсээ мотоциклчдын цуваа Чингис хааны морьт хөшөөт цогцолбор гэсэн маршрутаар хөдлөх юм.

Талын салхи мото наадам  нь Ази тивдээ томоохон мото наадам болон өргөжих зорилго тавьсан бөгөөд энэ нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,  Монголыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой байна.

Түүнчлэн энэ жилийн мото наадмын арга хэмжээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, мотоциклчдын парадтай хамт хөдлөхөөр болжээ. Тэрээр мотоциклын спортын хорхойтон бөгөөд өмнө жилийн наадмын парадад мөн оролцсон юм.

Дашрамд дурдахад, Дэлхийн II дугаар дайны дараа Америк цэргүүд өөрсдийн мотоциклыг засаж тоноглосноор шинэ загварын чоппер мотоциклын үүсэл тавигдаж, улмаар 1960-аад оноос эдгээр хүмүүсийг чопперчид гэх болжээ. Манай улсад анх1990 оноос энэхүү ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьж байсан юм.