Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тамга, тэмдэг хуурамчаар үйлдэн бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.

Тодруулбал, ЧД-ийн гуравдугаар хороонд түр оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Н нь бусадтай бүлэглэн арилжааны банк, ББСБ болон томоохон ААН-ийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн бусдыг залилан мэхэлдэг байжээ.

Шалгалтын явцад байгууллагын бичиг баримт тамга, тэмдэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа, НДШ төлөлтийн баримт материал, банкны дансны хуулга, цалин, орлогын нотлох баримт бичиг зэргийг хуурамчаар үйлддэг байсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Зураг: ЦЕГ

Тэрээр их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан байж болзошгүй тул хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Түүнчлэн банк болон ББСБ зээл олгох, үл хөдлөх худалдан авахдаа бичиг баримтыг сайтар шалгах, улсын бүртгэлийн байгууллагаас лавлагааг биечлэн гаргуулах зэргээр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа.

Сануулахад, сүүлийн үед виз гаргана, хөнгөлөлттэй зээл авахад зуучилна, мөн пирамид тогтолцооны луйврын арга ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг хоёр дахин өссөн байна.