Паркинсоны өвчин, сэтгэл гутралын эмчилгээний үед тархинд суулгадаг төхөөрөмжийг ашиглан хүний тархийг хакердаж болохыг Оксфордын их сургууль, кибер аюулгүй байдлын Касперски компаний эрдэмтэд тогтоолоо.

Паркинсоны өвчин гэдэг нь булчингийн хөдөлгөөн, тэнцвэржилт, хяналтад нөлөөлдөг төв мэдрэлийн тогтолцооны доройтлын эмгэг бөгөөд хөгшин хүмүүст салгалж чичрэх зэргээр илэрдэг юм.

Уг төхөөрөмжийн тусламжтайгаар эмч нар өвчтөнийхөө тархинд цахилгаан лугшилт илгээж тархины тодорхой хэсэгт цочрол өгдөг байна. Хэрэв төхөөрөмжийн утасгүй холболтын аюулгүй байдал алдагдвал хакерууд өвчтөний хувийн мэдээллийг хулгайлах, төхөөрөмжийг удирдах боломжтой гэнэ.  

Өөрөөр хэлбэл хакерууд Паркинсоны өвчтөний тархинд суурилуулсан төхөөрөмжийн лугшилтын тохиргоог өөрчилж хэсэг хугацаанд унтуулах боломжтой байна.

Эрдэмтэд таван жилийн дотор хүний тархин дахь ой санамжийн мэдээллийг цахилгаан аргаар өөрчлөөд буцаан илгээх боломжтой гэж үзэж байгаа юм.

Харин 10 жилийн дараа анхны ой санамж сайжруулах төхөөрөмжийг худалдаалах ба энэ нь 20 жилийн дараа хүмүүст ой санамжаа удирдах боломж олох гэнэ.

Ирээдүйд хакерууд уг төхөөрөмжийг ашиглан хүмүүсийн улс төрийн үйл ажиллагааны талаарх ой санамжийг арилгах, шинээр суулгах зэрэг халдлага үйлдэж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

Эх сурвалж: RT, New York Post