Шалгалтаар тус сан болон салбар яамнаас хийсэн худалдан авах ажиллагаа ихээхэн хэмжээний зөрчилтэй байсан бөгөөд, буудайн урамшуулал олгох, өр суутган тооцох, хяналтын хариуцлагын тогтолцоо сул байгаа нь тогтоогджээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2005-2018 онд нийт 350.2 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийснээс 17.3 хувийг тус сангаас хийсэн худалдан авалт, 16.5 хувийг ХХААХҮЯ-аас хийсэн худалдан авалт, 16.1 хувийг үрийн буудайн худалдан авалт, үлдсэн 50 орчим хувийг улаан буудайн худалдан авалт эзэлж байна.

Эдгээрээс ХХААХҮЯ болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зохион байгуулсан 46.9 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээ зарим хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Тодруулбал, ХХААХЯ-ны зохион байгуулсан тендерт ажлын туршлага, санхүүгийн чадварын шалгуур, техникийн тодорхойлолтын нөхцөлийг харгалзаж үзээгүй, шаардлага хангахгүй тендерт оролцогчтой гэрээ байгуулсан, тендерийн журам зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Мөн Улаан буудайн худалдан авалтад хийсэн гэрээнд улаан буудайн урамшууллыг ААН-д хуурамч материал бүрдүүлэх, өөрсдийн гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн хэмжээг хуурамчаар өсгөж урамшуулал авах өндөр эрсдэлтэй байжээ. Түүнчлэн салбарын сайдын тушаалаар тогтоодог Тариаланг дэмжих санд буудай худалдан авах үнийг, зарах үнээс өндөр тогтоосноос болж алдагдал хүлээж ирсэн байна.

Үүнээс гадна тус сангаас олгож буй үндсэн дэмжлэг олголтод тавих хяналт сул, эргэн төлүүлэх тогтолцоо муу байснаас олгож буй дэмжлэгүүд хоорондын уялдаа холбоогүй байжээ.

Ялангуяа үйл ажиллагаандаа гол мөрдлөг болгон ажилладаг буудайд урамшуулал олгох болон тус санг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам, Тариаланг дэмжих сангийн дүрэм зэрэг нь 2006 онд хүчингүй болжээ.  

Эдгээр дүрэм журам нь өнөөг хүртэл шинэчлэгдээгүйн улмаас хүчингүй болсон журмаа мөрдөж байгаа бөгөөд энэ нь сангийн үйл ажиллагааг эрсдэлд оруулж байсан нь илэрсэн байна.

Иймд тус санг Мал хамгаалах сан болон ЖДҮХС-тай нэгтгэх шийдвэрийг Засгийн газар гаргасан юм.