Иргэний ирүүлсэн гомдлын дагуу НМХГ-аас БГД-т байрлах Хосвансэмбэрүү ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар манай улсын эмийн  бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй Испанид үйлдвэрлэсэн MCCM брэндийн Артишок нэртэй тарилгын эмээр үйлчилсэн зөрчил илэрсэн байна.

Иймд зөрчлийн хэрэг нээж, 540 мянган төгрөгийн бүтээгдэхүүн хураасан бөгөөд уг зөрчлийг давтан үйлдэхгүй байх албан даалгаврыг хүргүүлжээ.

Тус тарилгын эмийг нийлүүлсэн Үлэмж грийс ХХК нь эм импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Буянт-Ухаа боомтоор тарилгын эмийг гоо сайхны бусад бүтээгдэхүүний нэршлээр /серум/ импортолсон байна.

Энэхүү компани нь Шангри Ла молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг ба Артишок брендийн тарилгыг бусад арьс гоо заслын эмнэлэгт нийлүүлсэн зөрчил илэрснийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэхээр ажиллаж байна гэж НМХГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн оны байдлаар манай улсад 1460 эмийн сан тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. МХЕГ-аас өнгөрсөн сард хийсэн шалгалтаар шаардлага хангаагүй 36 эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.