Энэ сарын дөрөвний өдөр ХУД-т тарваган тахлын өвчлөлийн сэжиг найман настай хүүхдэд илэрчээ. Шалтгаан нь найман настай “Х” гэгч хүү тарваганы хоёр ширхэг түүхий давсаг залгисны дараа 38-39 хэм хүртэл халуурч, хүзүүний хоёр булчирхай томорсон зовууртайгаар эмнэлэгт хандсан байна.

Улмаар ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хамтарсан баг ажиллаж хүүд арга хэмжээ авч шинжилгээ хийхэд тарваган тахлын онош илрээгүй байна.

Иргэдийн дунд энэ мэт эмчилгээний зорилгоор амьтны түүхий мах, эд эрхтэн залгих, ашиглах явдал их байдаг гэнэ. Энэ нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллагынхан сануулж байгаа юм. Гэвч энэхүү ухамсаргүй байдал зогсохгүй байгааг албаныхан хэлж байна.

Тарваган тахал нь булчирхайн болон уушгины гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг бөгөөд уушгины хэлбэр нь хүнд агаар дуслын замаар хурдацтай тархах аюултай байдаг байна.

Тухайлбал, Тарваган тахлын шинж илэрсэн дээрх хүүхэд эцэг эхийн хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн бөгөөд хэрэв тахал илэрсэн бол олон хүнд халдварлах эрсдэлтэй байжээ.

Иймд иргэд тарвага агнах, зарах зэрэг хуулиар хориотой үйлдлүүд хийхгүй байх, мөн зэрлэг ан амьтны эд эрхтнийг түүхийгээр хэрэглэхгүй байж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.