Бид тоймлоё, Та унш

2019.05.07 Мягмар                       19°C   2,641.58  Эд, мал баялаг төгөлдөр болно

Чухлыг тоймлоё


Нүүрс тээвэрлэгчид ажил хаялт зарлана гэв

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 20 гаруй компани Пүрэв гарагаас нүүрс тээвэрлэлтийн замыг хааж, ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Ийнхүү Хятадын талтай хийсэн гэрээг шинэчилж, эрх зүйн орчныг нь сайжруулах 3 хоногийн хугацаатай шаардлагыг ЗГ-т хүргүүллээ.

Яагаад ажил хаялт зарлах болов?

Хятадын тал нүүрс тээвэрлэлтийн зардлыг дур мэдэн өөрчилдгөөс үүдэн Монгол компаниуд дампуурах эрсдэлтэй болсон гэв. Учир нь ЗГ Хятадын талтай байгуулсан гэрээндээ тээвэрлэлтийн хөлсийг тогтоохдоо жишиг үнийг баримтална гэх заалтыг орхигдуулжээ. Хятадууд тээвэрлэлтийн зардлыг өнөөдрийн байдлаар ЗГ-ын тогтоосон жишиг үнээс 50%-р бага буюу 65 юаниар тооцож байна.

Ажил хаялт зарлавал юу болох вэ?

Нүүрсний экспортод доголдол үүсэж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь манай улсын эдийн засаг нүүрсний борлуулалтаас шалтгаалдаг гэхэд хилсдэхгүй ба экспортын 30%-г нүүрс дангаараа бүрдүүлдэг юм. Мөн энэ онд 42 сая тн нүүрс экспортлох хэт өөдрөг төсөөлөлтэй төсвийг баталсан байгаа энэ үед ажил хаялт зарлах нь бидэнд асар их хохиролтой.


Төрийн албаныхан эртэч болно

Хотын даргын зөвлөлийн хурлаар 6/1-8/31 хүртэл төрийн байгууллагын цагийн хуваарийг 08:00-17:00 цаг болголоо. Энэ нь бүтээн байгуулалтын улиралд ААН-ийн өмнө тулгардаг даргын гарын үсэг, зөвшөөрөл авах асуудлыг хөнгөвчлөх зорилготой юм. Мөн зун болж, өдөр уртассантай холбоотойгоор эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг бууруулахыг зорьжээ.


Тарваган тахлаас сэргийлье!

Увс аймгийн Улаангомд 5/5-нд тарваган тахлын сэжигтэй 1 тохиолдол гарч, хөл хорио тогтоогоод байсан ч шинжилгээгээр тахал биш гэдэг нь тогтоогдлоо. Өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий аймгийн 2 иргэн тарваган тахлаар нас барсан юм. Иймд иргэд тарваганы мах, эд эрхтнийг түүхийгээр хэрэглэхгүй байж, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж, тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.


Орост онгоц осолдож, 41 хүн амиа алдлаа

Аэрофлот компаний Сухой Супержет 100 загварын онгоц Москвагийн нисэх буудлаас хөөрөөд 30 минутын дараа ослын буулт хийх явцад гал гарч 41 хүн амиа алдлаа. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ба урьдчилсан дүгнэлтээр цаг агаараас болсон байх магадлалтай байна. Уг загварын онгоц 2017 онд үйлдвэрлэгдсэн ба 4 сараас нислэг үйлдэж эхэлжээ.


Трамп Хятадад татвар тавина гэв

Тэрээр Хятад, Америкийн худалдааны хэлэлцээр удаашралтай байна гээд энэ 7 хоногт Хятадын $200 тэрбумын импортын бараанд 25%-н татвар ногдуулна гэлээ. Хэрэв ингээд ч хэлэлцээрт хүрэхгүй бол $325 тэрбумын бараанд мөн 25%-н татвар тавина гэсэн юм. Трампын уг мэдэгдлээс болж Хятадын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт 5.3%-р буурсан ба Хятадын тал 5/8-нд хийх худалдааны хэлэлцээрээ цуцлах магадлалтай байна.

Таны сонорт


Image result for rain icon Өнөөдөр төв болон говийн аймгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Өдрийн тойм Статистик


 

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр