Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг ирэх сарны нэгнээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Аяны хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төвд 32400 тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад дараах иргэд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна. Үүнд:

  • Тарваган тахлын халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад,
  • Тарваган тахлын голомтот нутагт бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд,
  • Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид,
  • Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад,
  • Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид заавал хамрагдана юм.

Заавал хамрагдах иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдана. 

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой юм. Тарваган тахал нь өвчтэй тарвага агнах, тарваганы арьс өвчих, тарваганы эд эрхтэн түүхийгээр залгих, тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдварладаг байна. 

Сануулбал, өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд нэг гэрийн хоёр иргэн тарваганы эд эрхтэн түүхийгээр залгиснаас үүдэн тарваган тахал өвчнөөр нас барсан юм. 

Л.Даваадулам