Хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, тахлын тандалд судалгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд долоон удаагийн хяналт шалгалтаар хийжээ.

Ингэхдээ ЗЦГ-тай хамтран 27 эргүүлийн пост, баталгаат бус замууд дээр 53 удаагийн эргүүл, хяналтыг хийсэн байна. Уг хяналтаар нийслэлийн зургаан дүүргийн постоос хураагдсан нийт 37 тарвага, тарваганы түүхий эд, материалаас сорьц дээжлэн авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад тарваган тахал, түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй байна.

Мөн тарваган тахлын байгалийн голомт, хяналтын шинжилгээг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумуудад төлөвлөгөөний дагуу хийж, 130 амьтан олзворлон, 12 гулгидас түүж, лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Уг шинжилгээгээр тарваган тахлын үүсгэгч нян илрээгүй бөгөөд одоогоор тахлын голомт идэвхжилгүй байгааг тандалтаар тогтоосон байна.

Энэ хүрээнд тарваган тахлын сэжигтэй материалтай ажиллагсад, мэргэжлийн хяналтын болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд, тарваганы түүхий эдтэй ажиллагсад, тарваган тахлын голомтот нутагт геологи хайгуул, бэлчээр усжуулалт, агнуур бэлтгэл эрхэлдэг хүмүүс, малчид зэрэг 970 хүнийг тахлын эсрэг вакцинд хамруулжээ.

Зураг: НЭМГ