Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох байгууллагатай хамтран Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. 

Шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан, тарвага агнахыг завдсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, зөрчил гаргасан иргэдэд тарвага агнахгүй байх, тарваган тахлаас сэргийлэх зөвлөгөө өгчээ. 

Мөн энэ сарын зургаанд Дэлүүн сумын Ангирлаг уул гэх газарт үхсэн тарвага байсныг илрүүлэн дээж авч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн байна. Иймд тарвага агнахгүй байж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа. 

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд эдгээрийн 80 гаруй сум нь тахлын идэвхтэй бүсэд хамрагддаг байна.

Тарваган тахал нь халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

Халдварласан үед гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх шинж тэмдэг илэрнэ. Мөн амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар  суулгах шинжүүд илэрдэг байна.