Таны цэцгийн эргэн тойронд жижиг хар ялаа нисэж байгаа харагдаж байна уу? Тэгвэл таны цэцэг хар ялаа гэх том асуудалтай тулгарсан гэсэн үг.

Хар ялаа нь авгалдай, хүүхэлдэй байх үедээ ургамлын үндсээр хооллож гэмтээдэг байна. Үүний улмаас ургамлын навч хатаж шарлан үхэж ч болзошгүй юм. Чийглэг хөрс нь хар ялаанд маш хурдан үржих тохиромжтой орчин болдог тул цэцгийн усалгааг хэтрүүлж болохгүй.

Нас бие гүйцсэн хар ялаа нь 7-10 хоног амьдрах бөгөөд энэ хугацаандаа чийглэг хөрсөн дээр 300 хүртэлх тооны өндөг гаргадаг шавж юм. Тэгвэл хар ялаанаас цэцгээ хамгаалахын тулд  дараах энгийн аргуудыг ашиглаад үзээрэй. Тодруулбал,

Хөрсний дээд хэсгийн 2-3 сантиметрийг бүрэн хаттал цэцгүүдээ услахгүй байснаар өндөг авгалдай зэргийг үхүүлж, үржлийн циклийг зогсоож болно. Мөн шар өнгөтэй зүйлд ялаа ихээр татагддаг тул зориулалтын наалт хэрэглээд үзээрэй. Хэрэв танд зориулалтын наалт байхгүй бол шар өнгийн цаасан дээр вазелин эсвэл зөгийн бал түрхэж тавих боломжтой.

Түүнчлэн дэлгүүрт зардаг алимны цууг ашиглан хар ялааг устгаарай. Үүний тулд хоёр халбага цууг жижиг аяганы тал усанд найруулж ургамлын хажууд тавьснаар цууны хурц үнэрт хар ялаа татагдана.

Үүнээс гадна хүнсний ногооноос бусад төрлийн тасалгааны ургамлын хөрсөнд жирийн тамхийг задлан цааснаас нь салгаад хөрсөн дээр цацсанаар никотиний нөлөөгөөр авгалдайнууд үхдэг байна.