Энэхүү тэмцээнд 47 орны 199 эрэгтэй, 148 эмэгтэй жүдоч өрсөлдөж, эхний өдөр 2014 оны Чельябинскийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар алтан медаль хүртсэнээр медалийн буухиаг эхлүүлжээ.

Тэрээр Узбекистаны Достон Рузиевийг цэвэр ялж, Азийн наадмын хүрэл медальт Тайваний Ян Юү Вэйг вазари үнэлгээгээр буулгаж авсан байна.

Улмаар хагас шигшээд Францын Лука Мхэйдзег нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан ба аваргын төлөө олимп, дэлхийн хүрэл медальт Узбекистаны Диёорбек Урозбоевийг цэвэр ялснаар гран при ангиллаас зургаа дахь алтан медалиа авч чансаагаа таван байраар ахиулжээ.

Тэмцээний хоёр дахь өдөр -63 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг жингийнхээ шилдгүүдийг дараалан ялснаар хоёр дахь алтан медаль хүртсэн байна.

Харин жил гаруй хугацаанд завсарлаад байсан ОУХМ Н.Дагвасүрэн гран при ангиллаас хоёр дахь мөнгөн медалиа хүртжээ.

Сонирхуулбал, есдүгээр сарын 20-27 өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон жүдогийн ДАШТ-аас манай тамирчид гурван хүрэл медаль хүртэж, 124 орноос 14-т бичигдсэн юм.