Улаанбаатарт нийт 495 мянга тээврийн хэрэгсэл байгаагаас өнгөрсөн сарын байдлаар 300 гаруй мянга нь татвараа төлжээ. Иймд Нийслэлийн татварын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран нэмэлт шалгалт зохион байгуулахаар боллоо.

Албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 15 цэгт 30 гаруй байцаагч 20 хоногийн хугацаатайгаар хяналтын үзлэг шалгалт хийж эхэлжээ.

Ингэхдээ техник хэрэгслийн оношилгоонд хамрагдаж, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг тусгай төхөөрөмж ашиглан илрүүлж, арга хэмжээ авах юм. Гэхдээ өнөөдөр маргаашийн дотор татвар хураах цэгүүдэд сайн дураараа очин албан татвараа төлсөн бол ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй гэнэ.

Татвар төлөх явцыг хялбарчлах үүднээс пос машин, аппликэйшн болон онлайн зэргээр төлбөрийн хэрэгсэл уян хатан байгаа гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Татвар төлөөгүй хөдөлгөөнд оролцвол бичиг баримт хураах, хариуцлага тооцож цаашид хийх хөдөлгөөнийг хориглох юм. Түүнчлэн замын цагдаа нар тусгай төхөөрөмж ашиглан авто хэрэгслийн техникийн үзлэг хийлгэсэн, татвараа төлсөн эсэхийг илрүүлдэг болжээ.

Хуулийн хугацаанд Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 мянган төгрөг, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр, татвараа төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.