МАН-ын бүлгийн хурлаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Хуулийн зарим нэг асуудлын талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр уг хуулийг орон даяар санал авсны үндсэн дээр ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, татварын хувь хэмжээг бууруулах, гадны компаниудын татвараас зайлсхийх боломжийг хязгаарлах зэрэг олон зүйлийг тусгаж баталсан гэлээ. Мөн хуулийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй, хуулиа сайн уншилгүйгээр хориг тавьсан гэж мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч хоригтоо Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон нь гадны хөрөнгө оруулагчид шууд хөрөнгө оруулалт хийх бус өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэхийг хуулиар дэмжсэн. Энэ нь Рио Тинтод одоогийн хуулиар ногдуулах 20 хувийн татвар таван хувь болох ноцтой үр дагавруудын нэг гэсэн юм.

Харин Сангийн сайд гаднаас орж ирэх мөнгийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкны зээл болон өрийн хэрэгслүүдээс үүссэн хүүгийн орлогыг хоёр дахин бууруулсан нь зээлийн хүүг бууруулах зорилготой гэлээ. Түүнчлэн энэ заалтад уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа, лиценз эзэмшдэг компаниуд хамаарахгүй гэнэ.

Мөн хоригт Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргахаар зохицуулсан нь татварын зардлыг давхардуулж, татвараас зайлсхийх, төсөвт төвлөрөх татварын орлогыг бууруулах эрсдэлтэйг дурджээ.

Харин Сангийн сайд компаниуд татвараа бөөнд нь тайлагнадаг нь ашиг, алдангаа хольж бичиж татвар төлөхгүй байх эрсдэлтэй учир дээрх заалтыг оруулсан гэв. Ийнхүү Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хоригийн гол гол заалтуудад салбарын сайд няцаалт өгч МАН бүлгийн 100 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.