Засгийн газрын хуралдаанаар Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрээр е-баримтын мэдээллийг нэр бүхий банкуудад өгсөн гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн байна. Одоогоор яг ямар банканд хэчнээн мэдээлэл өгсөн нь тодорхойгүй байгаа юм.

“Ард түмнийхээ мэдээллийг цуглуулчхаад цөөн тооны ААН-д дамжуулж болохгүй. Энэ нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. Төрийн албаны хуулиар сонгон шалгаруулалт явуулж дараагийн даргыг томилно. Тэр хооронд тухайн байгууллагаас түр орлон гүйцэтгэгчийг томилно” гэж сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярилаа.

НӨАТ-ын тухай хуульд зааснаар иргэдийн худалдан авалт хийсэн е-баримтын мэдээллийг зөвхөн Татварын ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо ашиглах зориулалттай байна. Учир нь Статистикийн үндэсний хороо бүс нутгуудад ямар бараа бүтээгдэхүүн хэдэн төгрөгөөр илүү эрэлттэй борлогддог талаар ерөнхий мэдээлэл авдаг гэнэ.

Сонирхуулбал, энэ онд 808 мянган иргэн нийт 120 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм.