Монголын үндэсний паралимпийн хорооноос есдүгээр сарын 14-ийг Монголын паралимпийн өдөр болгон анх удаа тэмдэглэлээ.

Энэ өдөр Бээжин-2008 зуны паралимпийн наадмаас байт харваагаар Д.Баатаржав анхны алтан медаль хүртсэн юм. Монголын паралимпийн өдрийн хүрээнд Паралимпийн хорооны дээд шагнал Алтан нар гардуулах ёслол болж, холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчид зэрэг 400-аад хүн оролцсон байна.

Энэ жилийн Алтан нарын эзнээр байт харвааны олон улсын хэмжээний мастер Ш.Бямбасүрэн тодорсон юм.

Энэ үеэр Токио-2020 зуны паралимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг танилцуулсан ба таван тамирчин эрх авсан байна. Тодруулбал, буудлагын төрөлд З.Ганбаатар, пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ, таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа , хөнгөн атлетикийн төрөлд Ц.Цогтгэрэл нар оролцох юм.

МУГТ Э.Содномпилжээ нь дэлхийн дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчилсэн ба энэ сарын 12-нд ААШТ-нд оролцох үеэрээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилжээ.