Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Тал нутгийн хөгжлийн зам компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрлөө.

Ийнхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жил таван сарын хугацаанд замыг барихаар төлөвлөжээ. Концессын гэрээ байгуулахаар сонгогдсон компанид Засгийн газраас  санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй юм.

Энэхүү зам баригдсанаар нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг замын урсгал сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эрс багасна гэж албаныхан үзжээ.

Үүнээс гадна Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км замын төгсгөлөөс Цагаан дэл уул хилийн боомт хүртэлх 270 км замыг мөн адил нөхцөлөөр Ундрах говь компанитай концессын гэрээ байгуулахаар боллоо.

Сануулбал, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг хамтад нь барихаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцжээ.