Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн зам засвар, шинэчлэлийн ажилтай танилцлаа.

Энэ зун говийн аймгуудад их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орсны улмаас  Гашуунсухайт авто зам ХХК-ий хариуцдаг 239 км зам эвдэрч нүүрс тээвэрлэхэд хүндрэлтэй болсон юм.

Тиймээс Эрдэнэс Монгол компанийн ТУЗ замыг засах шийдвэр гаргасан ба засвар шинэчлэлийн ажил 80 хувьтай байна. Одоогоор ус зайлуулах дөрвөн хос хоолой, гурван газарт далан өндөрлөгөө хийж байгаа бөгөөд засвар энэ сарын сүүлээр бүрэн дуусах гэнэ.

Өнгөрсөн долдугаар сард ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ажилтай танилцаж, “нүүрсний тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгалд онцгой анхаарал хандуулж, хилээр нэвтрэх хугацааг багасгах” чиглэл өгсөн байдаг.

Үүний дагуу тус чиглэлд 2500 автомашины зогсоол барихаар нийт 48 га газрыг сонгосон байна. Энэхүү газарт жолооч нарт үйлчлэх зочид буудал, хоолны газар, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх төв, эмийн сан, банк санхүүгийн байгууллага, амралтын төв зэрэг иж бүрэн цогцолбор барихаар төлөвлөжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам засварт Эрдэнэс Монгол ХХК 488 сая төгрөгийг зарцуулж байгаа юм.