Эрдэнэс Тавантолгой компаний захирал Б.Ганхуяг компанийхаа хагас жилийн тайланг танилцууллаа.

Тавантолгой эхний хагас жилийн байдлаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийн,  373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж төлөвлөгөөгөө 110 хувь биелүүлсэн гэж мэдээллээ.

Үүнд нүүрсний үнэ голлон нөлөөлсөн гэж Б.Ганхуяг ярьсан юм. Энэ онд төлөвлөгөө ёсоор 1.26 их наяд төгрөгийн борлуулалт хийх байсан ч ийнхүү хагас жилийн хугацаанд 78 хувийг нь гүйцэтгэсэн гэв. Ингэснээр улсын төсөвт энэ онд төвлөрүүлэх ёстой 210.5 тэрбум төгрөгийн 90 орчим хувийг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн Засгийн газар болон УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу олон улсын зах зээлд өрсөлдөх ажлыг эхлүүлсэн гэж мэдэгдлээ. Гэхдээ олон улсын зах зээлд өрсөлдөхийн тулд төмөр зам болон нүүрс баяжуулах зэрэг томоохон төслүүдээ хөдөлгөж эхлэх гэнэ.

Цаашлаад авлигын эсрэг, сэтгүүлчийн, олон нийтийн зөвлөл зэргийг байгуулж, олон улсын стандартад нийцсэн нээлттэй компани болох ажлыг хэрэгжүүлнэ гэлээ.  Мөн ажилчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлсэн байна.

Тавдугаар сарын 21-нд Тавантолгой компани “1072 хувьцаа” мэдээллийн төвийг нээсэн ч 15 мянган хүн зөвлөгөө авсны 383 нь л хувьцааны дансаа нээлгэсэн байна. Тиймээс орон даяар 1072 хувьцааны данс нээх компанит ажлыг эхлүүлэхээр болжээ. 

Манай улсад нийт хоёр сая 511 мянган хувьцаа эзэмшигч бий. Эдгээрийн 623 мянга нь хувьцааны эрхээ нээлгэсэн ба энэ тоо 800 мянгаас нэг саяд хүрч байж хувьцаа амилна гэдгийн Б.Ганхуяг онцолсон юм.