Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймгийн Тавантолгойгоос Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа.

Зүүнбаян өртөөнд төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, тус чиглэлээс эхлэн төмөр замын рейльс угсарч эхэлсэн ба өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх далангийн ажил үргэлжилж байна.

Уг чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 ААН, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт найман ААН, Дорноговь аймгийн Зүүнбаян талаас есөн ААН оролцож байгаа юм. 

Харин бусад хэсгүүдэд Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339-р ангийн цэрэг, офицерүүд ажиллаж байгаа ба зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр барьж байна.

Хувийн ААН-үүд цаг агаар дулаан байгаа тул нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим ААН өвлийн улирал харгалзахгүй ажиллахаар болсон ба гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх санал гаргажээ. 

Иймд ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудад гүйцэтгэл өндөртэй, хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим ААН-ийн хүн, хүчийг нэмэгдүүлэх үүрэг өглөө.

Уг чиглэлийн замыг барьснаар төмөр замаар тээвэрлэж буй нийт ачааны 60 орчим хувь буюу хамгийн багадаа 15 сая тонн ачаа тээвэрлэж, ойролцоогоор 700-800 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж албаныхан үзжээ