Нийгэм
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг угсарч байна
Бүтээн байгуулалтын ажилд 3478 хүн ажиллаж байгаа юм.

Зэвсэгт хүчнийг дайчлан барьж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын есөн километрийг угсарлаа. Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд нийт 58 ААН, 2218 техник, 3478 хүн хүч ажиллаж байгаа юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор 37 орд газар эдийн засгийн эргэлтэд орж, манай улс уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлнэ.
Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суврагын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг ба 6.02 тэрбум тоннын нөөцтэй юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замыг барьснаар нийт ачааны 60 орчим хувийг төмөр замаар тээвэрлэж, ойролцоогоор 700-800 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж албаныхан үзжээ.
Тус чиглэлийн төмөр замыг 2021 онд ашиглалтад оруулах ба хилийн цэгээ Хятадтай тохирч чадвал 2020 оны эхээр ашиглалтад оруулах боломжтой гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдсэн юм.
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
