Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хотын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Таван толгой түлш ХХК-д ажиллаж, Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилттэй танилцлаа.

Өнөөдрөөс эхлэн тус үйлдвэрт хоёр шугамыг шинээр ашиглалтад оруулж байгаа ба ингэснээр өдөрт 2000 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрджээ. Үлдсэн шугамуудыг наадмын өмнө ашиглалтад оруулснаар нийт найман шугамаар үйлдвэрлэлээ явуулах боломжтой болох гэнэ.

Мөн сайжруулсан шахмал түлшийг төрөл бүрийн орц найрлагатайгаар лабораторийн болон үйлдвэрийн туршилт судалгаа явуулсны дүнд олон улсын стандартын үзүүлэлтийг бүрэн хангасан орц, жорыг гарган үйлдвэрлэлээ явуулж байгааг Таван толгойн түлш ХХК-ий ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатан танилцууллаа.

Зураг: НЗДТГ

Харин түлшийг ард иргэддээ хүргэх асуудлыг нийслэл хот хариуцаж, бүх шатандаа хариуцлагатай зохион байгуулах ёстой гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцолсон юм.

Одоогийн байдлаар нийслэлд 70 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, нөөцөлсөн ба нийтдээ 640 түгээлтийн цэгүүдийг дүүрэг, хороодод байгуулахаар ажиллаж байгаа гэж Хотын дарга мэдэгдлээ.

Ирэх найм, есдүгээр сар гэхэд бүх түгээх цэгүүдэд түлшийг бэлэн болгох ба сайжруулсан шахмал түлшийг худалдах үнийг өндөр биш, түүхий нүүрстэй ойролцоо буюу нэг тонныг нь 150 мянган төгрөгт багтаан барих тал дээр анхаарч байгаа гэнэ.

Нийслэлийн ахуйн хэрэглээнд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхийн нүүрсийг үүнээс хоёр дахин бага буюу 600 мянган тонн сайжруулсан түлшээр хангаснаар нийслэлийн утааг 50 хувь хүртэл бууруулна гэж албаныхан үзэж байна.

Зураг: НЗДТГ