УДЭТ-ын Театрын өдрүүд аялан тоглолт энэ сарын 12-14-нд Баянхонгор аймагт, 15-17-нд Өвөрхангай аймагт тоглогдоно. Энэ хугацаанд Би эндээс явахгүй, Эцсийн зогсоол зөвхөн чи, Надаар тоглосон хайр, Бардам туулай зэрэг шилдэг бүтээлээ толилуулах юм.

Төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор уг аялан тоглолтыг хийдэг уламжлалтай.

Энэ үеэр тус аймагт ажиллаж буй  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар уран бүтээлчидтэй уулзаж, “Ард түмнээ соён гэгээрүүлэх хөтөлбөрийн хүрээнд, Монгол контент буюу Монгол өв соёл, эх оронч үзэл санааг түгээх зорилготой УДЭТ-ын нэг бүтээлийг үзэгчдэд хүргэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Тус театрын хамт олон 2002 оноос бүх аймгаар явж уран бүтээлээ толилуулсан ба Баянхонгор аймагт ийнхүү гурав дахь удаагаа тоглож байна.

Сонирхуулахад, УДЭТ нь 1931 онд Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоолоор Улсын төв театр нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Ирэх онд тус театр үүсгэн байгуулагдсаны түүхт 88 жилийн ой тохиох юм.

Зураг: Засгийн газар