Уг хуулийн төсөлд үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны нууцлал, тавигдах шаардлага, тээлгэгч эцэг эх, тээгч эх гэж хэн байх, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.

Ийнхүү хуулийн төсөл батлагдсанаар дараах асуудлууд тодорхой болно гэж албаныхан үзэж байгаа юм.

  • Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр болон төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудал тусгагдаж, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага дээшилснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна.
  • Үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал учир энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнээр хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ.
  • Гадаад оронд явж үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасаж, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, хөрөнгөө хэмнэх зэргээр гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдана.
  • Үргүйдлийн орчин үеийн нөхөн үржихүйн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал (үр тогтоох, үр шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донор)-ын хууль эрх зүй, бүртгэлийн нэгдсэн орчин бүрдэж, эрүүл мэндийн байгууллагын хяналтын тогтолцоо сайжирна.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь санаачилсан бөгөөд нөхөн үржихүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн холбогдох хүмүүстэй уулзаж саналыг тусгасан байна.

Ийнхүү хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 68.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлжээ.

Сануулбал, өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд төсөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр бууруулсан юм.