Өнөөдөр 13:00 цаг орчмын үед ТЕГ-аас баруун дөрвөн замд байрлах Голомт хотхоны С блокын барилгад явуулсан тусгай ажилллагаа нэг цаг гаруй үргэлжилсний эцэст тухайн барилгаас дөрвөн ширхэг хайрцгийг битүүмжлэн авсан юм.

Мөн ажиллагааг гүйцэтгэгчдийн зүгээс “гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой хэргээр тусгай ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулсан” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл ТЕГ-аас "тагнуул хийх шинжтэй  гадаад иргэний үйл ажиллагааг эрүүгийн хуулийн үндэслэл журмын дагуу саатуулсан. Энэ хэргийн талаар прокуророос зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэдэг тайлбар өглөө. 

Одоогоор ямар улсын иргэнийг барьж саатуулсан гэх тодорхой мэдээлэл байхгүй ч Голомт хотхоны оршин суугчдын мэдээлж байгаагаар тусгай ажиллагаа явуулсан С блокт гадаад хүмүүс тэр тусмаа Хятад, Солонгосын иргэд ихээр амьдардаг гэдэг мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн тус ажиллагаа нь 1.3 сая долларын хахуулийн хэрэгтэй холбоотой  гэх албан бус мэдээлэл байгаа. Сануулбал, Хятад улсын иргэд Монгол төрийн эрх мэдэлтэнд 1.3 сая долларын хахууль өгөхөөр бэлдэж байсан ба уг мөнгийг Баянгол зочид буудлын дэргэдэх 220К орон сууцны барилгаас олж, Хятадын хоёр иргэнийг баривчилсан гэх мэдээллийг хэвлэлүүд бичиж байгаа юм. Харин эдгээр мэдээллийг АТГ-аас үгүйсгэлээ.

Зураг: Өдрийн Тойм