Энэ оны эхний тавдугаар сарын байдлаар тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдсэний 29 нь төрөлхийн тэмбүү байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдолд үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүйгээс болжээ.

Мөн тэмбүүгийн өвчлөлийг насны ангилалаар авч үзэхэд 5-24 насныхан дунд өндөр байгаа юм. Иймд ЭМЯ-аас төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавьжээ.

 Тухайлбал, Засгийн газраас 2017 онд халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрт БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан ба ЭМЯ-аас Тэмбүүг устгая үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.

Мөн ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношлуураар 78 мянган жирэмсэн эмэгтэй , эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог 3118 эрэгтэй , 2987 эмэгтэй биеэ үнэлэгч, тэмбүүтэй оношлогдсон өвчтний бэлгийн хавьтагч 13414, нийт 97519 хүнийг илрүүлэг шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. 

Түүнчлэн тандалт судалгаанд 500 мянган хүнийг үзлэгт хамруулж, өвчтэй оношлогдох эрсдэлтэй 22580 иргэнийг тэмбүүгийн эмчилгээнд хамруулахаар тооцож байгаа юм.

Тэмбүү нь бүрэн эдгэдэг өвчин бөгөөд 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэрдэг байна. 

Дэлхийд жилд БЗДХ-ын 376 сая тохиолдол бүртгэгдсний 6.3 сая нь тэмбүүгийн тохиолдол байна.