Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тендер захиалагч байгууллагуудтай уулзлаа. Уулзалтаар тендерийн баримт бичиг боловсруулахдаа оролцох аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байх талаар зөвлөмж өгч, зөрчил гаргахгүй байхыг санууллаа.

Хуульд зааснаар тендерийн нээлт хийхээс өмнө баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан эсэх талаарх оролцогчийн гомдлыг хүлээн авч, баримт бичгийг хянах ёстой. Гэвч сүүлийн үед тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг оролцогчид ихээр ирүүлж байгаа гэнэ. Мөн тендер шалгаруулалт цаг хугацаандаа явагдахгүй хойшлох зэргээс үүдэн ажил удааширч байгаа юм.

Тендер гэдэг нь захиалагчийн тавьсан нөхцөл, болзлын дагуу тендер шалгаруулалтаар оролцохоор бэлтгэж ирүүлсэн санал юм. Харин захиалагч нь бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцож байгаа төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50-иас дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, өөрөөр хэлбэл тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авч буй байгууллага байна.