Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийгдэх тохижилт, ногоон байгууламжийн талаар мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай байгуулах ажил хийгдэж байна. Мөн Тэнгис кино театрын хойд талын газрыг Хотын даргын захирамжаар чөлөөлж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн юм. 

Харин ирэх онд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах таван ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Дамбадаржаа болон Чингэлтэй хайрханд уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж бүхий аяллын цогцолбор байгуулна. Түүнчлэн Сэлбэ гол, Дамбын булаг орчмын тохижилт аялал зугаалгын төв, Дарь-Эхэд цэцэрлэгт хүрээлэн соёл, спортын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн онд 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бол энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийхээр төлөвлөсөн байна.