Онлайн худалдааны Амазон компаний гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос гэр оронгүй иргэд, орлого багатай сургуулиудад туслах зорилгоор өөрийн “Безосын нэг өдрийн сан”-даа хоёр тэрбум доллар хандивлажээ.

Үүний хүрээнд гэр оронгүй иргэдэд тусалдаг байгууллагуудын шилдгийг жил бүр шалгаруулж, ядуу буурай сургуулиудын сургалтын хөтөлбөрийг сайжруулж, 100 хувийн тэтгэлэг олгох гэнэ.

Тэрээр 164 тэрбум долларын хөрөнгөтэй хэрнээ сайн үйлсийн ажилд оролцдоггүй гэсэн шүүмжлэлд өртдөг байжээ.  Учир нь дэлхийн тэрбумтнууд болох Майкрософт компаний үүсгэн байгуулагч Билл Гейтс өөрийн сандаа олон тэрбум доллар хандивладаг бол Фейсбүүк компаний захирал Марк Зукерберг хувьцааныхаа 99 хувийг сайн үйлсийн байгууллагад өгсөн юм.

Безосын 1994 онд үндэслэсэн Амазон компани энэ сард нэг триллион долларын үнэлгээнд хүрсэн дэлхийн хоёр дахь компани болжээ.

Эх сурвалж: BBC, The Guardian