Билл багадаа ямархуу хүүхэд байв?

Тэр нэвтэрхий толь, шинжлэх ухааны гээд бүх төрлийн номонд сонирхолтой байсан. Хүүгээ номыг шунан уншихыг хараад их айдаг байлаа. Тэр маш их уншдаг байсан учир ээж бид хоёр нь хоолны ширээний ард ном уншиж болохгүй гэсэн дүрэм гаргаж байсан.

Билл том болоод ямар мэргэжилтэй болох тухайгаа ярьдаг байсан уу?

Бил тавдугаар ангийн гэрийн даалгавартаа хэн болохыг хүсэж байгаагаа бичиж байсан юм. Багш нь түүнд эмч, гал унтраагч, ковбой гэсэн мэргэжлүүдийн ард тэмдэглэгээ тавих цаас өгсөн байсан. Билл тэндээс сансрын нисгэгч гэснийг нь сонгосон.

Тэгээд доод хэсэгт нь нэмэлт хайрцаг зураад эрдэмтэн гэж бичсэн. Тэр өсөж том болох тусам дэлхий ертөнц, бизнесийн амьдрал, олон улсын харилцаа, ирээдүйн талаар сонирхож эхэлсэн. Эдгээрийн талаар хоолны ширээний ард маргалдах дуртай байсан тэр хүү нэг л өдөр миний дарга болно гэж төсөөлж ч явсангүй.

Тэр хэзээнээс компьютер сонирхож эхэлсэн бэ?

Их эртнээс. Бараг 13-тайгаасаа байх. Анх сурагчдын ээжүүд мөнгө цуглуулаад сургуульд нь телефон утасны залгуураар компьютертэй холбогддог төхөөрөмж авч өгсөн. Багш нар үүнийг хэрэглэхээс эмээж байсан учир математикийн бүлгийн хүүхдүүдийг дуудсан байж. Билл тэр бүлэгт байсан юм.

Тэр коллежид орохоосоо өмнө ажил хийдэг байсан уу?

Тэр ахлах сургуулийн төгсөх ангид байхдаа хичээлээсээ чөлөө аваад Вашингтоны Хойд Бонневиллийн эрчим хүчний үйлдвэрт программч хийдэг байсан. Энэ талаар Биллийн ээж бид хоёр сургуулийнх нь эрхлэгчтэй ярилцаад энэ ажил түүнийг дадлагажуулах юм байна гэж тохиролцсон юм. Билл тэнд Пол Аллентай хамт электрон сүлжээний зохицуулалтын системийг кодлохоор орой болтол ажилладаг байсан.

Зүүн талаас Пол Аллен, Билл Гейтс

Билл Харвардаас хөөгдөх болсныг та хэрхэн хүлээн авсан бэ?

Санаа зовоогүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ тэр зорилгодоо хэрхэн хүрэхээ мэдэж байсан. Мөн Пол Аллентай эхлүүлсэн компьютерийн бизнес нь ч амжилттай байсан. Хүүгээ сургуулиасаа хөөгдөхийг харах эхнэр бид хоёрт амар байгаагүй ч Билл юу хийж байгаагаа мэдэж байсан.

Билл, Мелинда Гейтс

Та Биллийн өглөгч байдалд их нөлөөлсөн. Үүнийг хэрхэн хийсэн бэ?

Миний эхнэр Мэри Луйкийн номд гардаг “Хэдий чинээ өгнө, төдий чинээ хураана” гэдэг үгэнд итгэдэг байсан. Иймээс үүнийг гэр бүлийн үнэ цэний нэг хэсэг болгосон хэрэг.

Майкрософтоос ашиг олох тусам Билл, Мелинда хоёр Сеттле дэхь ашгийн бус төвүүдээс хандив хүссэн захидал авах болсон. Гэвч тэр үед тэд гэр бүлээ тэжээж компаниа авч явахаар өдөр шөнөгүй ажилладаг байсан учир тийм зүйлд зарцуулах цаг зав байгаагүй.

Харин Билл тэтгэвэртээ гарсны дараа хандивийн талаар төлөвлөгөө гаргадаг болсон. Мэри 1994 онд хорт хавдраар нас барсны дараа би ч хуулийн байгууллагаас гарсан. Үүнээс хэдэн сарын дараа бид кино үзэхээр ээлжээ хүлээж байхад би Билл, Мелинда хоёрын хандивын ажилд туслахыг санал болгосон.

Ингэснээр тэтгэвэрт гарсныхаа дараа бусдад туслан хөгжилтэйгөөр ажиллах боломж олдсон юм. Долоо хоногийн дараа Билл намайг дуудаад “За ааваа, бид сангийн үйл ажиллагаагаа 100 сая долларын хөрөнгөтэй эхлүүлэхээр боллоо” гэсэн. Үүнийг сонсоод үнэхээр цочирдсон ч удалгүй 80 мянган долларыг нутгийн хорт хавдрын хөтөлбөрт хандивлаж байлаа.

Зүүн талаас Билл Гейтс, Мэри Гейтс, Билл Гейтс Сениор

Эх сурвалж: Forbes