Улаан хүрэн дээл, цагаан ултай хар гутал, сийрсэн малгай өмсөж, халцарч халтайсан шар таяг тулсан 70-аад насны гэмээр нэгэн өвөө гурван давхар жижигхэн буудлын дэргэд сууж байлаа. Бид өндөр насны тэтгэвэртэй холбоотойгоор тулгамдаж буй асуудлын талаар лавлахаар түүн дээр очсон юм.

Тэрээр үл ялиг сөөнгө дуугаар бидэнтэй мэндэлж, наранд гялбах нүдээ онийлгон гараа саравчлан бидэн рүү харлаа. Түүнийг Нацаг гэдэг 73 настай. ЧД-т харьяалалтай тэрээр 40-өөд насны хоёр хүүхэдтэй гэнэ. Түүнтэй ярилцаж эхлэх мөчид л тэрээр тэтгэвэр тойрсон олон асуудал, түүнээс үүдэлтэй хүчирхийллийн талаар бидэнд нулимс дуслуулан ярьсан юм.

Учир юу гэвэл хүүхдүүд нь түүний тэтгэврийг жилээр зээлүүлсний дараа гудамжинд хөөж гаргасан байна. Үүнээс жил орчмын өмнө нь мөн л ийм явдал давтагдаж байсан ба тухайн үед нүдээ хөхөртөл зодуулж хөөгдөж гарсан учир мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө авч тэндээ жил гаруйн хугацаанд амьдарчээ. Гэвч тэтгэврийн зээлийн хугацаа нь дуусах дөхмөгц хүүхдүүд нь ирж, “Ааваа бид ухаарсан, Таныг энд байгааг саяхан мэдлээ, Бид таныгаа үнэхээр хайхраагүй байна” гэх зэргээр уучлалт гуйсан байна. Нацаг гуайг асарч байсан мэргэжилтнүүд “Одоо дахин хууртаж болохгүй. Таны тэтгэврийн зээлийн хугацаа дуусаж байна. Гэртээ харьсан ч дахиж зээл авч өгч болохгүй” гэж удаа дараа сануулсан байна.

Хүүхдүүд нь хэсэг хугацаанд аавдаа халамж тавьж сайхан байсан ч удалгүй тэтгэврийн зээл авч өгөхийг гуйжээ. Нацаг гуай эцэг хүний сэтгэлээр “Миний хүүхдүүд одоо ухаарсан байх. Би хүүхдүүдийнхээ амьдралд дэм болохгүй бол өөр хэн туслах юм” гэж бодон зээл авч өгсөн ч зургаа хоногийн дараа дахин хөөгджээ.

Ийнхүү тэрээр хоёр ч удаа тэтгэврээ зээлж өгөөд хөөгдсөн ч “Миний хүүхдүүд муу хүмүүс бишээ. Амьдралаа л авч явах гэж ядарч яваа амьтад” гэсээр өмнө нь очиж байсан мэргэжлийн байгууллагынхаа зүг явлаа.

Улсын хэмжээнд 381.8 мянган өндөр настан тэтгэвэр авч байгаагийн 60 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа юм. Гэвч эдгээрийн хэд нь Нацаг гуайн адил хүүхдүүддээ тэтгэврээ дээрэмдүүлэн, зүдэрч явааг тааварлахын аргагүй. Цагдаагийн байгууллагад эхний гурван сард гэр бүлийн хүчирхийллийн 248 гэмт хэрэг бүртгэгдэж, 140 хүн хохирсны 16 нь 55-аас дээш насныхан байгаа ба бүгд бие махбодын хүчирхийлэлд өртжээ.

Мэдээж бүх хөгшид хүчирхийлэлд өртөж үр хүүхдэдээ тэтгэврээ өгдөг гэх нь өрөөсгөл хэдий ч МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун нарын профессорын баг 2016 онд ахмадуудын 70-80 хувь нь үр хүүхэд, хамаатнууддаа зээлээ зарцуулж байгааг судалгаагаар тогтоосон байна. Ийнхүү тэдний хэтэвч хоосорч, эдийн засгийн хувьд бусдаас хараат амьдарч байгааг профессор Л.Оюун Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр ярьжээ.

Уг судалгаатай холбоотойгоор өнгөрсөн онд төр засгийн зүгээс тэтгэврийн 70 хувьд нь зээл олгож, 30 хувийг тэтгэвэр авагч cap бүр авах ядмагхан зохицуулалтыг хийсэн байдаг. Нэг үгээр хэлбэл “70 хувиа үр хүүхэддээ өгөөд 30 хувиа өөрөө ав” гэх төрийн халамж. Гэвч гадны улсуудад ахмадад чиглэсэн илүү бодит, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж байгаагийн тод жишээ нь манай урд хөрш Хятад.

Тодруулбал, Хятадад эцэг эхийгээ хайхраагүй үр хүүхдэд хариуцлага тооцож, хар жагсаалтад оруулах хуулийн зохицуулалт 2016 оноос хэрэгжиж эхэлжээ. Хэрэв эцэг эхийгээ хайхраагүйгээс үүдэн хар жагсаалтад орсон бол номын сангийн картыг нь хураахаас эхлээд банкны зээл олгохгүй байх, данс нээх эрхийг хүртэл хасдаг байна.

Гэвч манай төрийн түшээд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, тэтгэвэр нэмэх төдийхнөөр ахмадуудад анхаарлаа хандуулж байгаа нь тэтгэвэр дагасан хүчирхийллийг арилгахад чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэж байгааг илтгэж байна.

Ялангуяа хүчирхийлэлд өртөж, тэтгэврээ булаалган очих газаргүй болсон Нацаг гуайн адил хөгшдийг төрийн бодлогоор хамгаалах зохицуулалт нэн шаардлагатай байгааг нуух юун. Хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн эцэг эхийгээ ачлах үүрэгтэй хүүхдийн хариуцлагыг нэмэгдүүлье. Энэ бол таны анхаарах ёстой салбар шүү С.Чинзориг сайд аа!