Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчтай холбоотой журмыг хэлэлцэн баталлаа.

Энэхүү журамд төрийн албан хаагчид олгох буцалгүй тусламж, тэтгэмж, шагнал урамшуулал, цалингийн нэмэгдэл олгох зэрэг асуудлыг тусгасан байна. Тодруулбал,

  • Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тооцжээ.
  • Албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авна.
  • МСҮТ-ийн багш, ажилтнуудад үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгох зэрэг журмыг баталлаа.

Үүнээс гадна төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг мөн баталсан байна.

Сануулахад, Засгийн газраас төрийн албан хаагчийн цалинг дараа долоо хоногоос нэмэхээр болсон гэдгээ мэдэгдсэн бөгөөд цалингийн нэмэгдэлд шаардлагатай 227 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан юм.