Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл Улаанбаатарыг сэтгэл гарган цэвэрлэх ТҮК-ийн ажилчдын нэг Ө.Өнөрбат. Энэ жил 32 хүрсэн тэрээр 11-р хороололд байрлах хадмынхаасаа өглөөний нартай уралдан гарч, 100 айл орчимд байрлах ажлын байраа зорино.

“Сүхбаатар дэвшил-Хоггүй дүүрэг, хоггүй хороо биднээс эхэлнэ” гэх бичигтэй жижигхэн оффист тал бүрээс хотын даруухан гавьяатнууд 05:00 цагтай уралдан цуглав. Ойролцоогоор 20 метр квадрат давчуу өрөөнд Сүхбаатар дүүргийн хамгийн бохир хэсгийг цэмцийлгэх үүрэгтэй 10 гаруй хүн өглөө бүр цуглаж, ажлын хуваариа шалгаад, оногдсон гудамж талбай руугаа яаран гарна.

Хахир өвлийн хүйтэн, аагим зуны халуунд ч элдэв шалтаг хэлж, хойш суулгүй ажлаа үнэнчээр хийх эдгээр ТҮК-ийнхийг дорд үзэх, дээрэлхэх, тэр бүү хэл зодох тохиолдол гардаг ч ажлын үр дүнгээ хараад бахархах сэтгэл төрдгөө Ө.Өнөрбат хуваалцсан юм.

“Хог цэвэрлэлээ. Ямар тэнэг ажил хийдэг юм. Өөр олигтой ажил олдоогүй юмуу” гэх хатуу үгсийг ойр дотныхон, найз нөхдөөсөө их сонсдог ч цэвэрлэсэн талбайгаар нь иргэд явж байгааг хараад Ө.Өнөрбатын сэтгэл тэнийдэг байна.  

Тэрээр 100 айлын гэрлэн дохионоос 32-ын гэрлэн дохио хүртэлх 4-5 км газрыг өдөрт 2-3 удаа давтан цэвэрлэнэ. Татаж дууссан тамхины ишийг өдөрт хэдэн мянгаар нь цэвэрлэдэг Ө.Өнөрбат эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Түүний гэр хотын захад хэдий ч автобус унаагүй харуй бүрийгээр ажил нь эхэлдэг учир хоцрохгүйн тулд хадмындаа амьдрах болжээ.

Ө.Өнөрбатын хэлснээр Бэлх, Яармаг зэрэг хотын захаас ажилдаа алхаж ирдэг хүмүүс ч байдаг ба ажлаасаа хоцорвол цалингаасаа хасуулахаас эхлээд халагдах хүртэл арга хэмжээ авахуулдаг гэнэ.

“Автобус нь ядаж л 06:00 цагт явдаг болмоор” гэж ярьсаар оффисоос нь дөнгөж гарахад хувхай болтол нь мөлжсөн хонины толгой, пивоны лааз биднийг угтах нь тэр.

Ажлын хэрэгслээ авч амжаагүй байсан учир нүцгэн гараараа Ө.Өнөрбат дээрх хогийг түүсээр 100 айлын Голомт банкны өмнө байх хамт ажиллагсдаасаа хогийн сав, бээлий, шүүр, хүрзээ авлаа. Түүний хариуцдаг хэсэг дүүргийн хамгийн их хогтой нь бөгөөд цаас, хөөсөнцөр, тамхины иш, угаадас, хүний ялгадас цэвэрлэх нь ажлын хамгийн хүнд хэсэг нь.

“Бид чинь бөөлжиж огиод ч хамаагүй баас, шээс цэвэрлэдэг. Улаанбаатарыг цэмбэгэр болгох нь бидний ажил шүү дээ. Хүмүүс хэдхэн алхам явахаасаа залхуураад л булан тохой, хонхорхой газарт угаадсаа асгачихдаг. Тэр нь зун болохоор муухай үнэртэнэ. Үүнээс нь болоод хүүхдүүд нь өвдөнө шүү дээ” гэж ярих Ө.Өнөрбат амьсгаадан хогоо шүүрдэж байлаа.

Түүнийг ийнхүү амьсгаадан ажиллаж байхад утаа хоолой хорсгон, урьд урьдаас илүү өтгөн, хортой болсон мэт санагдаж байв. Гэвч Ө.Өнөрбат болон түүнтэй хамт ажиллаж байсан гурван хүний хэн нь ч утааны маск зүүгээгүй байсан юм. Үүнийг нь асуухад тэд маш хурдан хөдөлж, их амьсгааддаг учир маск зүүхээр зүрх нь савлаад, ажлаа хийхэд саад болдог хэмээн тайлбарласан юм.

“Энэ жил бүр онцгой утаатай байна. Ялангуяа үүрээр хог цэвэрлэж байхад нүд аргана, хоолой хорсоно. Утаанаас болоод ханиад томуу тусаж, хүүхдүүддээ хамгийн их өвчин аваачиж өгдөг хүмүүс бид шүү дээ. Ой гарантай хүүхэд маань оны өмнө эмнэлэгт хэвтээд гарсан. Гэтэл дахиад л надаас ханиад авчихсан” хэмээн гэмшингүй өнгөөр хэллээ.

Мөн байнга хог шүүрддэг учраас тэдний дийлэнх нь тоосонцрын харшилтайгаас гадна ядаргаанд их ордог байна. Ө.Өнөрбат саяхан ядаргаанд орж, бие нь өвдөөд эмнэлэгт хэвтжээ. Тэд нийслэлээ цэвэрхэн болгохын тулд энэ мэтээр эрүүл мэндээ золиослон цаг наргүй ажилладаг ч, хэт дорой ухамсартай иргэд их байдгийг учирлаж байсан юм.

“Иргэд нь ухамсартай бол хөгжил дагаад л ирнэ”

Хөглөрч, тарсан хогийг хамж шүүрдэх тоолонд цементэн дээр борооны дусал мэт хөлдсөн хэдэн зуун цэр, шүлс торойн хоцорно. Тэр бүрийг хүрзээрээ нэг бүрчлэн нүдэж цэвэрлэсээр “20-40 насныхан хамгийн их шүлсээ хаядаг, хүүхэд хөгшчүүл бол гайгүй шүү” хэмээн төмөр хүрзээ зам дээр тас няс дуугарган Улаанбаатарын цэвэр байдлыг сахиулж байлаа.

“Бид чинь хог цэвэрлэх дадал суучихсан. Цэвэрхэн хувцастай байгаа хэрнээ л хог нүдэнд харагдвал нэг мэдэхэд түүгээд л авчихсан байдаг. Гэхдээ машинтай хүмүүс тамхиныхаа ишийг маш их хаядаг. Уг нь машинд нь үнсний сав байдаг ч хүмүүс машиныхаа үнсний савыг гамнаад Улаанбаатарынхаа гудамж руу хаядаг юм шиг байгаа юм” гэж ярилаа.

Бидний ярилцсан 30 минут орчмын хугацаанд тэрээр савныхаа талаар шахуу хогийг шүүрдсэн юм. Тэрээр энэ хогийн саваар өдөрт 8-9 удаа хог асгадаг бөгөөд нэг удаадаа 70-80 кг хогийг нэг км орчим газар түрж очин асгадаг гэнэ. Ингэж борви бохис хийлгүй ажилладаг учир ТҮК-ийнхэн өндөр цалинтай гэх ойлголт нийгэмд байдаг ч Ө.Өнөрбатын үндсэн цалин 790 мянган төгрөг, үүнээсээ татвар шимтгэлээ төлдөг байна.

Авдаг цалингаасаа илүү хөдөлмөрлөх тэрээр Улаанбаатар хотыг 2018 онд дэлхийн хамгийн бохир хотоор шалгарахад ихэд эмзэглэжээ. Түүний хэлснээр Улаанбаатарын хогийг ТҮК-ийнхэн гар хөлөөрөө цэвэрлээд ч дийлэхгүй учраас техник тоног төхөөрөмж хэрэгтэй байгаагаа учирлаж байсан юм. Түүний ажилд энэ мэт бэрхшээл олон ч “Миний ажил харин ч сайхан. Хариуцсан газраа цэмбийлгэнээ” гэсээр хог хөглөрсөн 100 айлын замыг өгсөн хогоо шүүрдсээр үлдсэн юм.

Цэмцгэр хотын төлөө иргэн та хогоо хогийн саванд хийгээрэй.