Тик Ток аппликейшнийг хөгжүүлэгч ByteDance компани ухаалаг гар утас үйлдвэрлэхээр болсноо мэдэгдлээ. Тус компани гар утас үйлдвэрлэгч Смартисан компаний патентыг худалдан авч ажилтнуудыг нь өөрсдийн компанидаа элсүүлсэн байна. 

Хятадын эдийн засгийн Кайжин сэтгүүлийн мэдээлснээр уг утасны хөгжүүлэлтийг долоон сарын өмнөөс эхлүүлжээ. ByteDance компани нь хиймэл оюун ухааны технологид суурилсан Slack, Lark, Flipchat, Toutiao зэрэг аппликейшн хөгжүүлсэн ч хамгийн алдартай нь Тик Ток юм. 

Тик Токт 15 секундийн бичлэг нийтлэх боломжтой бөгөөд 500 сая хэрэглэгчтэй. Уг аппликейшн саяхан 75 тэрбум доллараар үнэлэгдэн дэлхийн хамгийн том хувийн гарааны бизнес болжээ.  

ByteDance компани гар утас гаргаж буй Хятадын анхны аппликейшн хөгжүүлэгч биш юм. Тухайлбал, Хятадын селфи аппликейшн хөгжүүлэгч Мэйту компани 2013 онд гэрэл зураг сонирхогчдод зориулсан өндөр нягтаршил, хурдан фокус тохируулагчтай гар утас худалдаанд гаргаж байжээ. 

Гэвч Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгчдийн зах зээлийн өрсөлдөөн сүүлийн жилүүдэд чангарч байгаагаас болж шинээр гарч ирсэн ихэнх утаснууд байр сууриа олоход хүндхэн байгаа юм. Мөн Apple, Самсунг, Хуавей зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн эсрэг өрсөлдөнө гэдэг бараг л боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Өмнө нь Фэйсбүүк, Гүүгл, Амазон зэрэг томоохон компаниуд гар утасны бизнест хөл тавьж байсан ч амжилт олоогүй ба ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байжээ. Жишээлбэл, Амазон компани 2014 оны тавдугаар сард Fire Phone ухаалаг утсаа худалдаанд гаргасан ч 170 сая долларын алдагдал хүлээж, 2015 онд зах зээлээс эргүүлэн татсан байна. 

Эх сурвалж: Gizmodo, BBC