Титаник хөлөг онгоц 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд мөсөн уул мөргөн шивсэн юм. Хөлөг дээр 2224 зорчигч байсны 700 гаруй нь аврах завинд сууж амжжээ. Тэдний дунд зургаан Хятад хүн байсан ч тэд түүхэнд огт дурсагдаагүй юм.

Харин эдгээр зургаан хүний талаар The Six нэртэй баримтат кино хийсэн нь энэ оны сүүлээр дэлгэцнээ гарах гэнэ.

Онгоцны тасалбарын бүртгэлд Ли Бин, Фан Лан, Чан Чип, А Лам, Чун Фу, Лин Хи, Ли Линг, Лэн Лам гэх найман Хятад хүн гуравдугаар зэрэглэлийн нэг талын тасалбар авсан гэж бүртгэгджээ.

Тэд Хятад, Европын хооронд ачаа зөөдөг байсан бөгөөд гуравдугаар зэрэглэлийн бусад зорчигчдын адил Америк руу цагаачилж байсан аж.

Тэдний Ли Линг, Лэн Лам нар живсэн бол бусад зургаа нь сүүлчийн аврах завинд суун амь гарсан байна.

Гуравдугаар зэрэглэлийн тасалбар авсан Хятад зорчигчдын бүртгэл

Тэд хэрхэн завинд суусан нь тодорхойгүй ч нэг баримтад дурдсанаар завийг чиглэн сэлж байсан Хятад эрийг аврагчид “Энэ Японоос өөр аврах хүмүүс зөндөө байна” гээд татаж авахаас татгалзжээ. Гэвч завин дээр байсан бусад хүмүүсийн шахалтаар түүнийг уснаас гаргасан байна.  

Эдгээр Хятад иргэдийг завины суудлын дунд хавчуулагдан зугтаж ирсэн гэх мэтээр олон хэвлэлд бичсэн байв. Мөн завин дээр байсан нэгэн зорчигчийн хэлснээр нэг хятад эр завийг сэлүүрдсэн ажээ.

Сүүлчийн аврах завь

Тэднийг Америкт ирэхэд бусад амьд үлдэгсдийн адил халуун дулаан угтаж аваагүй бөгөөд түүхч Стивен Шванкертийн хэлснээр тэд Титаникаас амьд гараад 24 цагийн дараа мартагдсан юм. Үүгээр зогсохгүй тэднийг Америкаас албандан гаргасан байна.

Зургаан Хятадын талаар баримт бичиг маш хомс байсныг киноны найруулагч Артур Жонес хэлж байв. Тэрээр, “Энэ үйл явдал 100 жилийн өмнө болсон. Үүнээс гадна Хятадын удмын тухай ойлголт маш төвөгтэй. Ачааны тэмдэглэл зэрэг баримт бичигт тэдний нэрийг тохиромжгүй галигласан байсан” гэсэн юм.

Учир нь тухайн үед Америкчууд Хятад хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг байсан гэнэ. Америкийн Засгийн газар Хятадын цагаачдыг улсынхаа улс төр, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гээд квот тогтоож байв.

Анх 1882 онд Хятад цагаачдыг Америкт нэвтрэхийг 10 жил хориглосон бөгөөд үүнийг 1892 онд сунгасан байдаг. Харин 1902 оноос Хятадууд хууль бусаар цагаачилж эхэлжээ.

Эх сурвалж: All that’s interesting