Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн насжилт өндөр, ачаалал их байдгаас хуримтлагдсан лагийн үнэр ихээр ялгарч, нийслэлчүүдийн толгойн өвчний нэг болсон.

Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2016-2017 оны нийслэлийн төсөвт төв цэвэрлэх байгууламжийн засварлан, шинэчлэх ажлыг хэрэгжүүлсэн юм.

Үүний хүрээнд хоногт 1200-1500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай Герман улсын “Тюбэреактор” хэт авиан төхөөрөмжийг төв цэвэрлэх байгууламжид суурилуулсан байна. Уг төхөөрөмжөөр дамжсан лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурах бөгөөд энэхүү ажилд нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Түүнчлэн цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилган, үнэрийг дарах арга хэмжээ авах, төв цэвэрлэх байгууламжийн урд 50 га талбай бүхий хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг 25 ажил тусгасан байна.

Үүнээс өнгөрсөн жилийн хугацаанд 23 ажлыг хийж гүйцэтгэсэн ба хоёр ажил он дамжин хэрэгжиж дуусчээ. Эдгээр ажлын гүйцэтгэлтэй хотын дарга С.Батболд  өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцсан байна.

Зураг: Ulaanbaatar.mn

Мөн Засгийн газраас Хятадын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламж шинээр барих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Одоогийн цэвэрлэх байгууламж хоногт 160.000-170.000 метр куб бохир ус хүлээн  авах хүчин чадалтай ч 180.000 метр куб бохир ус хүлээн авдаг байна. Энэ ачаалал улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд шинээр барих байгууламж хоногт 250.000 метр куб бохир ус хүлээн авах чадалтай байхaaр тooцоологджээ.