Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлийг Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын чуулга уулзалтад танилцууллаа. Чуулга уулзалт энэ сарын 19-нд өндөрлөх ба дэлхийн 48 улс өөрсдийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байгаа юм. 

Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн илтгэлийг анх удаа НҮБ-д танилцуулсан ба уг илтгэлтэй холбоотойгоор Норвеги, Япон, Сьерра-Леон зэрэг улсууд асуулт асуусан байна.

Мөн энэ сарын 16-нд сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Сайд нарын түвшний хуралдааны нээлтэд оролцсон юм. Нээлтэд таван улсын хүүхдийн төлөөлөл үг хэлснээс манай улсаас Гёте сургуулийн есдүгээр ангийн сурагч У.Номуундарь үг хэлжээ. 

Сонирхуулбал, Монгол улс НҮБ-д 1961 онд элссэн бөгөөд НҮБ-аас 2007-2011 онд 40 сая долларын тусламж үзүүлсэн байна.