Монголын шигшээ багийн тамирчдыг олимпын эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон ААН-ийг татан оролцуулах зорилгоор Токио Олимп санг байгууллаа.

Энэ нь манай улсын тамирчид олимп, паралимпийн наадамд авч байсан эрхийнхээ тоог нэмэх, өмнөх амжилтаа ахиулахад чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн Бямба гарагт Тамирчдын баярын өдөр, олон улсын Олимпын өдөр тохиосон ба уг арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулжээ. Арга хэмжээнд үе үеийн тамирчин, дасгалжуулагчаас гадна ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон юм.

Тэрээр Засгийн газар биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээ авч байгаа бөгөөд хамгийн сүүлд хилээр оруулж ирэх спортын зориулалттай нэр бүхий тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг гаалийн татвараас чөлөөлсөн гэдгийг мэдэгдсэн юм.

Дашрамд дурдахад, энэ жил орчин үеийн олимпын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 125 жилийн ой тохиож байна.