БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Япон дахь Монголын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ё.Баатарбилэг үндэсний язгуур урлаг, өв соёлыг Японд сурталчлан таниулж, Монголын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад Каваүчи Широд талархал илэрхийллээ.

Энэ үеэр Каваүчи Широгийн зүгээс Токио-2020 зуны олимпод оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих үүднээс байгуулагдсан Токио олимп санд хоёр сая иен буюу 50 сая төгрөгийн хандивыг гардууллаа.

Токио олимп санг ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар өнгөрсөн зургадугаар сарын 22-нд буюу Тамирчдын өдрөөр байгуулсан юм.

Уг сан нь олимпод оролцох манай улсын тамирчдыг амжилттай бэлтгэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд бүх нийтийн оролцоог өрнүүлж, хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах, үр ашигтай зарцуулах зорилготой байна.

Манай улсын шигшээ баг тамирчид Токио-2020 олимпоос Бээжин, Лондонд үзүүлсэн амжилтаа бататган зургаагаас доошгүй медаль, түүний дотор алтан медаль авах зорилт тавьсан юм.