Коронавирусийн халдвараас болж Хятадад зохиогдох байсан олимпын эрх авах тэмцээнүүд хойшлогдоод байгаа юм. Үүнээс болж Японы цахим ертөнцөд #Токио 2020 цуцлагдав гэсэн хаштаг бүхий мэдээлэл тархаад байна.

Харин Токиогийн олимпын зохион байгуулагчид олимпыг зогсоох ямар ч яриа, хэлэлцээр явуулаагүй гэж мэдэгдлээ. Токио хотын дарга Юрико Койкэ, “Вирусийн тархалтыг тогтоон барих үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Үүнд шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэсэн юм.

Мөн Олон улсын олимпын хороо олимпын наадам зохиогдох бүрт халдварт өвчний эсрэг арга хэмжээ авдаг гэх тайлбарыг өгсөн байна. 

Рио Де Жанейрогийн 2016 оны олимпын үеэр Зика вирусийн халдвар гарсан юм. Тухайн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүмүүст зөвлөсөн ба олимпын үеэр Зика вирус туссан тохиолдол гараагүй байна. 

Эх сурвалж: Japantimes, TheGuardian

А.Санжаанамсан