Оросын хойд хэсгийн хууль тогтоогчид бага ангийн сурагчид Лев Толстой, Николай Гоголийн зохиолыг унших нь тохиромжгүй хэмээн мэдэгдлээ.

Хууль тогтоогчид 2013 онд Михаил Булгаковын “Нохойн зүрх” романыг Уралын зусланд 12-с доош насны хүүхэд уншихыг хориглосон бол 2013 онд Оросын өмнөд хэсэгт Владимир Набоковын “Лолита” зохиолыг бүрмөсөн хориглосон байдаг.

Михаил Булгаковын “Нохойн зүрх” романд нэгэн нохой бардам, салан задгай ЗХУ-ын үеийн эрийн дүрд хувирч буй нь гардаг бөгөөд коммунист хувьсгалын тухай өгүүлдэг байна. Харин Владимир Набоковын “Лолита” романд хойд эцэг нь 12 настай охинтойгоо бэлгийн харилцаатай болдог тухай гардаг юм.

Цаашлаад, албаныхан “Бүх Орос ардын фронт” гэх улс төрийн хөдөлгөөний хүрээнд ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Архангельск мужийн хөгжмийн коллежийн сургалтын системд шалгалт хийж эхэлсэн байна.

Хууль тогтоогчдын мэдээлснээр Николай Гоголийн “Невский проспект”, Лев Толстойн “Крейцерова соната” зэрэг зохиолын хэсгийг Архангельск мужийн Хөгжмийн коллежийн сурагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын утга зохиолын үйл ажиллагааны үеэр уншиж байжээ.

Лев Толстойн “Крейцерова соната” туужид уур хилэн, атаархал, хүсэл тачаал гардаг бөгөөд гол дүр Позднышев эцэст нь эхнэрээ хөнөөдөг байна. Харин Николай Гоголийн “Невский проспект” богино өгүүллэг нь үл ялиг романтик бөгөөд гарсан дүр болгон нь гудамжинд таарсан сайхан эмэгтэйг дагаж буйг өгүүлдэг аж.

Тэгвэл эдгээр зохиолууд нь бага ангийн сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцэхгүй гэж тус мужийн хууль тогтоогчид Даваа гарагт мэдэгдсэн байна. Тэд хөгжмийн коллежийг Оросын хуулийг зөрчиж, сургуулийн сурталчилгаанд насны ангиллын тогтолцоог тусгаагүй гэжээ.

Мөн Архангельск мужийн коллеж, сургалтын хэлтэст насны ангиллын хичээл заах үүрэг өгсөн байна.

Эх сурвалж: Themoscowtimes