ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан нарын албаныхан нийслэл хотод ажиллаж буй хүнсний ногооны борлуулалтын цэгүүд болон томоохон хүнсний ногооны зоорь бүхий ААН-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар 70 гаруй цэгээр 600 орчим ногоочид Улаанбаатарын хэрэглэгчдэд   эрт болон дундын ургацын ногоог зах зээлийн үнээс 200-500 төгрөгийн хямдралтайгаар худалдаалж байна.

ХХААХҮЯ-ны сайд MTS агро, Дельта холдинг, Органик солюшн зэрэг ААН-ийн зоорийн хүчин чадал, багтаамж, боломжийг үзэж танилцаж, цаашид төмс хүнсний ногоо худалдааны цогцолбор ложистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. 

Тус төв ашиглалтад орсноор 16 мянган тонн хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнийг зориулалтын дагуу хадгалахаас гадна нийт 1000 хүний ажлын байр бий болох юм. Улмаар хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэний үнэ зохиомлоор өсөхөөс сэргийлнэ. Энэхүү цогцолбор төвийг 2020 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Хүнсний ногоог хямд үнээр борлуулж буй томоохон цэгүүд:

  • Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбай
  • Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай
  • Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо Цамбагаравын задгай талбай

Скай худалдааны төвийн гаднах талбайн хүнсний ногооны худалдааны үнийн мэдээлэл /кг, төгрөгөөр/

  • Төмс 700
  • Байцаа 850
  • Шар, хүрэн манжин 2000-2500
  • Сонгино 1700-2000
  • Өргөст хэмх 3000-3500
  • Навчит ногоо 1500-2500
  • Тарвас 1500
  • Шар лууван 1700-1800
  • Цагаан мөөг багц-3500
  • Сармис сүлжээсээр 15000-18000

Нийслэлийн хэмжээнд нийт хүн амд төмс 54.6 мян.тн, хүнсний ногоо 118.3 мянган тонн хэрэгцээтэй гэх статистик судалгаа бий. Мөн улсын хэмжээнд төмс 100 хувь, хүнсний ногооны 56 хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг байна.

Жил бүр зохиогддог Алтаннамар, Намрын ногоон өдрүүд арга хэмжээнд орон нутгаас 350 гаруй ногоочид ирж эрт болон дундын ургацаа борлуулдаг. Өнгөрсөн жил Намрын ногоон өдрүүд арга хэмжээгээр орон нутгийн ногоочид дөрвөн тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.