Nike, Adidas, Dr Martens, Converse зэрэг 170 гаруй томоохон гутал үйлдвэрлэгчид Америк, Хятадын худалдааны дайныг зогсоохыг ерөнхийлөгч Доналд Трампаас хүслээ.

Трамп Хятадын 200 тэрбум долларын импортын бүтээгдэхүүнд тавьсан 10 хувийн татвараа өнгөрсөн долоо хоногт 25 хувь болгон нэмсэн юм. Харин Хятадын тал үүний хариуд ирэх сарын нэгнээс эхлэн Америкийн 60 тэрбумын импортод хориг тавина гэдгээ мэдэгджээ.

Трампын уг шийдвэр хэрэглэгчдэд хүндрэл учруулж байгаагаас гадна компаний үйл ажиллагаанд аюул заналхийлж байгаа юм. Тухайлбал, гутал үйлдвэрлэгчдэд дунджаар 11.3 хувь, зарим тохиолдолд 67.5 хүртэлх хувийн татварын дарамт учирч байгаа гэнэ.

Хэдийгээр гутал үйлдвэрлэгчид Америкийн хоригоос зайлсхийхийн тулд үйлдвэрээ Хятадаас нүүлгэж байгаа ч энэ нь олон жилийн төлөвлөгөө шаардаж байна.

Америк, Хятадын худалдааны төлөөлөгчид ирэх сард Японд болох Их 20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дахин уулзаж, худалдааны дайны талаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: BBC, Market watch