Томоохон зах худалдааны төвүүдэд есдүгээр сарын 29-с эхлэн нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ. Энэ нь үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлж, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилготой гэнэ.

Уг ажлыг цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтэс Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран гүйцэтгэж байгаа юм. Цаашид үзвэр үйлчилгээ, олон нийтийн газарт нохойт эргүүлийг ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Нохой нь аврагчийн хоногт хийх эрлийг хоёроос дөрвөн цагт гүйцэтгэх чадвартай төдийгүй үнэрлэх чадвар нь хүнээс арав дахин илүү байдаг. Нохойг зургаан сартайгаас нь эхлэн сургадаг ба бэлтгэгдсэн эрэлч нохой долоогоос есөн жил үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг гэнэ.