Улирлын томуугийн вакцинд жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг өвчтэй, эрсдэлт бүлгийн 2500 иргэн, эрүүл мэндийн байгууллагын 3000 ажилтан, сонгогдсон цэцэрлэгийн 28 мянга хүүхдийг хамрагджээ.

Томуугийн вакцин нь жилийн турш хүний биед дархлаа тогтоож, томуугаас сэргийлдэг биологийн бэлдмэл юм. Энэхүү вакциныг хүүхэд, жирэмсэн эх, ахмад настан, амьсгалын зам, зүрх судасны өвчлөлтэй хүн зайлшгүй хийлгэх шаардлагатай байна.

Гэхдээ өмнө нь уг вакциныг тариулаад харшилж байсан, найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүс хийлгэж болохгүй юм. Иргэд 15 мянган төгрөгөөр сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах бөгөөд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетад ажлын өдрүүдэд 9:00-15:00 хамрагдах боломжтой.

Сануулбал, хүйтний эрч чангарахтай зэрэгцэн ханиад, томуугийн дэгдэлт нэмэгдэж, нийт өвчлөгсдийн 85.2 хувийг 0-9 насныхан эзэлж байна.

Нийслэлийн хэмжээнд 10 сарын 29-ний байдлаар амбулаторийн 71 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2561 тохиолдол илэрсэн юм.

Иймд эцэг эхчүүд дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байж илчлэг сайтай хоолоор дархлаагаа дэмжих, дулаан хувцаслан, онцыг шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөлөө