Улс дамнасан тэмцээний хамгийн томд зүй ёсоор тооцогдох Торгоны зам автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-нд Орос-Монгол-Хятадыг дамнан зохион байгуулагдах юм.

Тус раллид манай улс анх удаагаа оролцож байгаа ба 15 тамирчныг гарааны зурвас буюу Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд боллоо. Энэ жилийн уралдааны нийт урт 5007.96 км бөгөөд тусгай үе шатны нийт зай 2593.15 км байна. Мөн хамгийн урт зам нь Монголын нутаг дэвсгэрээр үргэлжлэх юм.

Уралдааны бүс нутгийг ийнхүү өөрчилснөөр тамирчид уур, амьсгалын таван өөр бүсээр дайрч өнгөрөх ба Монгол дахь хэсэг хамгийн том сорил болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөх юм. 

Энэ удаагийн тэмцээнд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтрэх юм.

Тэмцээн Монголын газар нутгаар дайран өнгөрөх үед тусгайлан зассан цэгүүдэд очиж үзэх боломжтой байна. 

Автомашины төрөлд: 

  • Олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх
  • Спортын дэд мастер Э.Оргил
  • Спортын дэд мастер Б.Сайнбаяр
  • Спортын дэд мастер А.Бүрэнтогтох
  • Спортын мастер Г.Эрдэнэсүрэн
  • Спортын мастер С.Ариунболд

Мотоциклийн төрөлд: 

  • Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар
  • Олон улсын хэмжээний мастер Б.Баттөр
  • Олон улсын хэмжээний мастер Э.Амгалан
  • Спортын мастер Б.Өнөрбаяр
  • Спортын мастер Б.Бат-Ундрал
  • Спортын дэд мастер Д.Энхсаруул нар оролцох юм.