Улаанбаатар Дарханы зам буюу Бороо гоулд алтны уурхайн давааны хажуугийн замд Тоёота приус маркийн автомашин Тоёота альфард маркийн машинтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, таван том хүн, хоёр хүүхэд бэртсэн байна. 

Тоёота приус маркийн машинд сууж явсан гурав болон тав орчим настай хүүхэд, 50 орчим настай эмэгтэйн биеийн байдал хүнд байна. 

Харин альфард маркийн автомашинд Торгоны зам раллид оролцох гэж байсан Японы таван тамирчид байжээ. Одоогоор дөрвөн тамирчны биеийн байдал хүнд байгаа ба хоёр нь Дарханы эмнэлэг рүү хүргэгдсэн бол бусад нь түргэн тусламжийн эмчээс тусламж авахаас татгалзаж, авто раллигийн эмч нараас тусламж авсан байна. 

Дарханы замд засварын ажил болон баяр наадамтай холбоотойгоор машины урсгал нэмэгдэж байгаа юм. Иймд орон нутгийн замд хурдаа тохируулан явахыг жолооч нарт онцгойлон анхааруулж байна.