Төрийн албаны лавлагаа мэдээлэл авдаг ТҮЦ машин хэрэглээнд нэвтэрснээр төрийн үйлчилгээ илүү шуурхай хүртээмжтэй болсон билээ. Тэгвэл энэ удаад автомашины улсын дугаараа оруулаад торгуулаа үзэх, төлөх, тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой “Гэрэгэ” цахим ТҮЦ машиныг нэвтрүүлжээ.

Энэхүү ТҮЦ машинд иргэд татвар, торгуулаа төлөхдөө аль ч банкны картыг ашиглаж болохоос гадна, автобусны билет захиалж болох юм байна. “Гэрэгэ” ТҮЦ машинаас авсан төлбөрийн баримтаа та бүрэн ашиглаж болох бөгөөд QR кодоор баталгаажсан учир банкны баримттай адилхан гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Уг машиныг одоогоор доорх зургаан цэгт байршуулсан байна.

  1. Дүнжингарав худалдааны төв дэх I цэгийн үйлчилгээний төв
  2. Нийслэлийн төр захиргааны IV байрны нэг давхарт
  3. БЗД-ийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төв
  4. АСА цирк дэх Авто тээврийн үндэсний төвийн I давхарт
  5. СХД-ийн авто худалдааны цогцолборт
  6. БГД-ийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд.

Цаашдаа энэхүү ТҮЦ машиныг дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд байршуулах бөгөөд  төрийн үйлчилгээг хүргэхээс гадна гар утасны нэгж авах, орон сууцын төлбөр төлөх зэрэг бүхий л үйлчилгээг нэвтрүүлнэ гэдгийг Метатек компанийн захирал Ц.Эрдэнэбат хэллээ.