Төрийн албаны ерөнхий шалгалтад 7616 иргэн орж, 1588 нь тэнцжээ. Шалгалтад дээд боловсрол эзэмшсэн иргэдийг мэргэжил, ажлын туршлага шаардахгүйгээр бүртгэн Ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадварыг шалгах гэсэн гурван шалгалтыг авч байна.

Эхний шатанд 55 онооны тестийг бөглөж, 35 ба түүнээс дээш оноо авснаар Монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг өгөх эрх нээгдэх юм. Харин уг шалгалтаас 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дүн шинжилгээний 15 онооны шалгалтанд орох эрх нээгдэнэ.

Ингээд нийт 65 ба түүнээс дээш оноо авснаар төрийн албаны шалгалтанд тэнцсэн гэж тооцон гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэнэ.

Сонирхуулбал, Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн юм. Шинэчилсэн найруулгад төрийн албан хаагчийн ажиллах зарчим, албан тушаалын ангилал, ажлаас чөлөөлөх үндэслэл, цалин, нэмэгдэл хөлс, тусламж зэргийг тусгасан байна.

Тухайлбал, төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага алдсан тохиолдолд уучлалт гуйх, сайн дураараа огцрох, албан тушаалаас халах зэрэг арга хэмжээ авах талаар тусгасан юм.